Баярын мэндчилгээ

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 14 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай бахархалт энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, алба хаагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Бид бүхэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, эрэн хайх, аюрах ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох эрхэм үүрэгтээ эзэн нь болж, нийслэлийн иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах талаар мэргэжлийн ур чадвар, хүч чармайлт, зориг тэвчээр, идэвх санаачлага гарган хөдөлмөрлөж байгаад Монголын төр засаг, олон нийт гүнээ талархаж байдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нийслэлийн Аврах анги-105 нь өнгөрсөн 14 жилийн хугацаанд 10 мянга гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай тулгарч, зөвхөн сүүлийн 5 жилд нийт 7000 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 5,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны энх цагийн эрэлхэг баатруудын төр, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа мөн.

Бид энэ албаныхны гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа, хичээл зүтгэлийг мөнхөд эргэн дурсаж, талархан хүндэтгэж байх учиртай.

Өргөсөн тангарагаа сүлдлэн дээдэлж, өргөн түмэн, өлгий сайхан эх орныхоо аюулгүй байдал, амар жимэр, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр хатуужил, авьяас чадвараа нэгэн үзүүрт сэтгэлээр дайчлан шамдаж яваа Онцгой байдлын албаны тэргүүн шугамын байлдагч Та бүхний ариун үйлс үеийн үед батжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд эрүүл энх, эрдэм билиг, ялалт амжилтын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САЙН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

НИЙСЛЭЛИЙН АВРАХ АНГИ 105-ЫН ЗАХИРАГЧ

ХОШУУЧ Ш.МЭНДСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*